Оюутны тэтгэлэг аппликэйшн

Та энэхүү аппликэйшнийг татаж авснаар Америк, Австрали, Англи, Япон, Герман, Хятад, Солонгос, Орос, Тайван болон бусад улс орнуудын их дээд сургууль, коллежийн тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

 

 

Lyft компанид ажилласан болон MIT – д суралцсан туршлагаас

Х.Өсөхбаяр
      2017-08-09

Яагаад Lyft – д орсон бэ?

Надаа олон боломжууд байсан. Гэхдээ би жижиг компаниудад илүү сонирхолтой. Яагаад гэвэл илүү олон сонирхолтой төсөл дээр ажиллаж, өндөр хариуцлага үүрэхэд хүрдэг. Lyft – д анх ярилцлага өгч байхдаа орно гэж бодож байгаагүй. Яагаад гэвэл туршлага багатай шинэ хүн ажилд их авдаггүй байсан. Намайг ярилцлага өгч байх үед шинэ хүмүүс авч эхэлж байсан. Ихэнх ажилчид нь том том компаниудад ажиллаж байсан өндөр туршлагатай хүмүүс.

Ажлын орчиндоо найзууд шиг харилцаж хөгжилтэй байдаг нь их таалагдсан. Өөр компаниудад ажиллаж байхад ажилчид нь зөвхөн ажлын төлөө гэсэн хэтэрхий номын байсан. Манай менежерийн хувьд маш хурдтайгаар олон багийг зэрэг удирдаж явдаг. Тэр үед энэ компанид орсноор их зүйл сурахаар санагдсан. Тийм учраас Lyft – ийг сонгохоор болсон.

Анх дадлага хийж байгаад  Мастерын зэрэгтээ сурна гэж бодож байсан. Тэр үед бас хэд хэдэн компанид ажлын ярилцлага өгч байсан. Өмнө нь Airbnb – д дадлага хийж байсан болохоор өөр газар хийж шинэ зүйлс суръя гэж бодсон. Тэгээд Lyft – д ярилцлага өгч байхад их сонирхолтой санагдаад бусад ярилцлагаа цуцалж байсан. Тэр үед бас сургуульдаа туслах багшийн ажил хийж байсан болохоор цаг зав их муутай байсантай бас холбоотой.

lyft

Компанийн давуу тал

Одоогийн байдлаар 300 – гаад инженертэй. 50 нь Seattle – д ажиллаад, үлдсэн 250 нь San Francisco – д ажилладаг. Хамгийн давуу тал нь гэвэл маш хурдтай бүх ажил нь урагшилдаг. Мөн өөрөө төслүүдээ харж байгаад хамгийн дуртай, таалагдсан төсөл дээрээ ажиллах боломжтой. Дээрээс нь нэг нэгнийгээ их дэмжиж ажилладаг. Ганцаараа л ажиллаад байхгүйгээр нэг нэгэндээ тусалдаг.

Зуны туршид дадлага хийж байхад олон төслүүд дээр ажиллаж байсан. Менежер маань бас олон талын туршлагатай болохоор, төслүүд нь өндөр олон төвшнийх байсан. Мэдээж бас нэгнээсээ зөндөө их зүйлийг байнга сурч байдаг. Өглөө болгон ажилдаа ирэхэд маш их урамтай байдаг. Бүгд л эерэг эрч хүчээр дүүрэн өглөөг хамтдаа угтдаг.

Манай баг хэрэглэгчдийн харилцаа холбоог сайжруулах дээр ажилладаг болохоор хийж байгаа төслүүдийн үр нөлөө маш өндөр бөгөөд бодитойгоор харагддаг. Саяхан хоёр төсөл дээр ажилласан. Нэгт, жолооч нартаа хүрэм, ягаан сахал гэх мэт янз бүрийн зүйлс компаниасаа илгээдэг. Үүнийг харин хаана явж байгааг нь мэдэх систем байдаггүй байсан. Бид үүнийг автоматжуулснаар хайлтын систем нь маш хурдтай болсон. Жишээ нь, тухайн жолоочийн бүртгэлийн дугаараар нь хайж хаана илгээмж явж байгааг шууд мэдэх боломжтой юм.

Хоёрт нь, харилцагчдын зөвлөхүүдийн ашигладаг жолоочийн мэдээллийг хадгалдаг системийн төсөл байсан. Хайлтын систем их удаан төвөгтэй байсан. Заримдаа бүр хайлтын систем дээр хайлт хийх боломжгүй байдаг нь Mongo дээр байрласан өгөгдлийн сан нь маш удаан байсантай холбоотой. Түүнийг Elastic search гэдэг хурдтай систем дээр хөрвүүлснээр хайлт нь маш хурдтай болсон. Дараа судалгаанаас хархад харилцагчдын зөвлөхүүдийн бүтээмжийн байдал нь 25%-иар өссөн байсан.

Мөн бусад компаниудаас ялгагдах давуу тал нь жолооч нартаа өгдөг цалингийн тогтолцоо, урамшууллын систем. Жишээ нь, долоо хоногийн 40 – өөс илүү цаг ажиллахад, 41 дэх цагаас эхлээд нэмэлт цагаар цалинг нь тооцдог. Жолооч нартаа зориулаад сургалт, арга хэмжээ зохион байгуулах тал дээр их анхааран ажилладаг. Хэрэглэгч болон ажилчид-даа ашиглахад илүү амархан дөхөмтэй гэж хэлж болно.

15419730_1305795299493264_2028117850755665637_o

Хөрөнгө оруулагчдын талаар

Uber Хятадын зах зээлд орох гэж $3 тэрбумыг зарсан боловч дийлээгүй. Тиймээс Хятадын Didi гээд таксины компанитай хамтрах гэрээ байгуулсан. Мөн Didi компани нь манай компанийн хувьцаа эзэмшигч. Одоогийн байдлаар дуудлагын жолоочтой компаниуд автомат жолоодлоготой буюу жолоочгүй машиныг их сонирхож байгаа. Сүүлийн жилийн дотор компани хоёр дахин буюу 50% – иар томорсон.

Хэр удаан Lyft – д ажиллах төлөвлөгөөтэй байна?

2 – 3 жил гэж харж байгаа. Гэхдээ ажиллаад байх тусам компанийн дотоод соёл хамт олон улам ихээр таалагдаж байгаа болохоор ажиллаад л байна даа. Гэхдээ яваандаа Мастер болон Докторын зэрэг хамгаална.

12901430_1570238686620217_5233149149033788333_o

Чөлөөт цагаараа юу хийж байна?

Яг одоогийн байдлаар ажил дээрээ төвлөрөөд өөрийгөө хөгжүүлж байгаа. Дээрээс нь мэдэхгүй зүйлсээ сурах гээд онлайн хичээл авч байгаа.

zulsarqwewqewq

Багийн онцлог, тоо хэмжээ

2 – 15 хүнээс нэг баг нь бүрддэг. Манай багийн хувьд 10 хүнтэй. Менежер, бүтээгдэхүүний менежер, болон 8 инженерээс бүрддэг. 8 инженер нь нэг зүйл дээр ажиллахгүйгээр 4 өөр баг болоод ажлаа явуулдаг. Багаараа нийлж байгаад ажлаа базаж явдаг. Улирал болгоны уулзалтад дээр юун дээр анхаарах вэ, ямар ажлууд нь илүү чухал байна, гарч байгаа асуудлууд төслүүдээс аль нь дээр нь ажиллавал илүү үр нөлөө өндөртэй байх вэ гэдэг дээр шийдэл гаргадаг.

Ажиллах цагийн хувьд гэвэл маш уян хатан. Амралт нь хязгааргүй бүүр цалинтайгаа байдаг. Гэрээсээ ажилламаар байвал хэзээ ч гэрээсээ ажиллаж болдог. Хоёр дахь өдөр болгон уулзалтгүй байдаг учраас хүмүүс гэрээсээ ажиллах боломжтой.

Өдөр болгон 10 цагаас зогсож байгаад багийн уулзалт хийдэг. Хүн болгон юун дээр ажиллаад ямар үр дүн, явцтай явж байгаагаа мэдэгддэг. Тэгснээр багийнхан нь юу болж байгааг сайн мэддэг. Дээрээс нь төсөл болгон дээр өөр хүмүүстэй багаа сэлгээд хамт ажилладаг.

Ажлынхаа хаанаас Inspiration авдаг вэ?

Мэдээж компанийн СЕО болон хамт олон, менежерээсээ их inspiration авдаг. Бүгдээрээ зөвхөн ажлаа хийгээд байх биш, нэг нэгэнтэйгээ нээлттэй ярилцдаг. Энэ нь яг найзуудтайгаа ажиллаж байгаа юм шиг дулаахан мэдрэмж төрүүлдэг. Хамт кофенд явах, хамт хоолонд орох гээд л бие биенийгээ хүн талаас нь харж үздэг. Нэг нь стресстэй эсвэл хэцүү байвал бусад нь тусалж дэмжиж байдаг. Нэгнийхээ сайн сайхан байдалд их анхаардаг.

Бүх ажилчид маань хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Lyft – ийг ашиглан явдаг жолооч нартаа их анхаарал тавьдаг. Жишээ нь, манай менежер их завгүй мөртлөө өөрөө бас код бичдэг. Орой гэртээ очоод олон төслүүд дээр өөрийн-хээ хувь нэмрээ оруулдаг. Бусдадаа аягүй сайн тусалдаг, энэ чинь болж байна уу тэр чинь болж байна уу гээд хэцүү болон ажил ихтэй хэсгүүд дээр нь тусаа хүргээд явдаг. Энэхүү ажилдаа дуртай байдлаас нь их урам зориг авдаг. Тиймээс ажил ихтэй ч нэг нэгнийгээ цэнэглээд, эрч хүч өгөөд урагшилдаг.

Яаж дотоод соёлоо ингэж хадгалж авч явж байна?

Бага хамт олноосоо томрохдоо шинээр хүмүүс ажилд авахдаа их анхаарч байгаа. Нэг л сонин энергитэй эсвэл дотоод соёлд тохирохгүй хүн байхад ажлын дотоод байдалд муугаар нөлөөлдөг. Тиймээс анхнаасаа ажилчдаа авахдаа ихээхэн анхаарч ажилласан. Зөвхөн чадварлаг гэхээсээ илүүтэйгээр дотоод соёлд яг таарсан хүн л авах дээр чухалчилсан.

Мөн кофе уунгаа ярилцах цаг гэж байнга болдог. Компанийнхаа ямар ч хүнтэй цаг болзоод ямар ч сэдвээр чөлөөтэй ярилцаж болно.

Компанийг Logan Green, John Zimmer гээд  2 хүн үүсгэн байгуулсан. Яаж компанийн соёлоо хадгалж сайжруулж явах вэ, одоо байгаагаасаа яаж илүү үйл ажиллагаагаа сайжруулах вэ, яаж инновацлаг байх уу гэдэг дээр анхааран ажиллаж байгаа. Нийт 1500 ажилчинтай бөгөөд 300 нь л инженерүүд. Driver Appreciation гээд өдөрлөг саяхан болсон. Зорчигч хүмүүс хэрхэн жолооч болсон талаар харуулсан

Don’t work harder; work smarter.

Шууд код бичээд байхгүйгээр анхнаасаа дизайнтай холбоотой зүйлс дээр анхаарлаа хандуулдаг. Төслийн менежер нь ийм ийм зүйлс хийхэд яах вэ гэж багаасаа асуугаад инженерүүд нь өөрсдийн талаасаа тайлбарладаг. Тиймээс код бичиж эхлэхээс өмнө яг юу хийх нь их тодорхой байдаг. Өөр хүн ажилласан ч ойлгомжтой байхаар тэгж нарийн гаргадаг.

Компанийн сул тал.

Жилийн дотор хоёр дахин өссөн гэсэн шүү дээ. Тиймээс инженерийн баг хамт олон маш хурдтай өсөж байгаа. Тиймээс олон танихгүй хүмүүс гарч ирж байгаа. Жижигхэн компани болохоор том компани шиг автоматжуулсан, зохион байгуулалт сайтай биш. Том компанид өөрчлөлт хийхээр бол нэлээн их үйл ажиллагааг дамждаг. Харин манай компанийн хувьд хүсвэл өдөртөө хийж болдог ч нөгөө талаасаа эрсдэл өндөртэй.

Мөн жижиг компани учраас хийх ажил хариуцлага нь өндөр. Богино хугацаанд их зүйлийг хийх хэрэгтэй болдог. Хэрвээ тухайн төсөл нь бүтээгүй нөхцөлд хүлээх хариуцлага нь цөөхөн хүмүүс дээр буудаг. Төслүүд нь хурдтай гарч ирж байгаа болохоор хийх юмнууд заримдаа яг тодорхой байдаггүй. Тэгэхээр богино хугацаанд төслөө ойлгож, дизайнаа гаргах хэрэгтэй болдог. Тиймээс хугацаандаа амжиж ажлаа хийхгүй бол бас хариуцлага хүлээх хэрэгтэй болно. Нэлээн шахуу хурдтай бүх зүйлс нь явагдаж байдаг.

Компанийн оффис.

Том компани шиг тийм гоё биш. 2 ширхэг 5 давхар стартап-ууд байдаг барилгын нэгнийх нь 5 давхар, нөгөө байшингийнх нь 3 давхрын талд нь манайх байрладаг. Тэгэхээр том компани шиг тийм сайхан кампус байхгүй. Яг одоогийн байдлаар зөвхөн инженер гэлтгүйгээр компанийнхаа бүх салбарын талаар сурах гээд ажиллаж байгаа.

Ажил дээрээсээ сурсан том хичээл.

Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө. Хүн ганцаараа амжилтад хүрнэ гэж зүтгэх биш, бүгд нийлээд нэг том амжилтад хүрдэг. Жишээ нь, хоёр хүн ажиллаж байлаа гэхэд нэг нь урдахаа хийгээд байлгүйгээр нөгөөд-хэнтэйгээ зөвлөлдөж тусалж явахгүй бол болохгүй. Тэгэхгүйгээр бүтэлгүйтэх магадлалтай учраас нэг нэгэндээ анхаарал хандуулах нь чухал. Хүнийг оюун ухааны талаас нь гэхээсээ илүү хүн талаас нь илүү хардаг. Тиймээс бие биенийгээ хүн талаас нь харж, хайрлаж байх ёстой.

Мөн дадлага хийж байхдаа нэг том сурсан зүйл нь гэвэл төслийн менежер миний үг, санааг сайн сонсож хүлээж авдаг. Жишээ нь, дадлагын оюутан туршлага багатай гээд тоохгүй гэсэн зүйл байгаагүй. Анхандаа менежер хэд хоногт энэ ажлыг дуусгаж чадах вэ, энэ дизайны давуу сул тал нь юу вэ гэж асуухад сүрдмээр байсан. Тийм болохоор багийн гишүүд болгоноос туршлага мэдлэгийг нь харалгүйгээр оролцуулдаг.

Нэг том сурсан зарчим гэвэл хүнд шууд аз дайрч амжилтад хүрдэггүй. Бага багаар л юмыг хийж оролдож үзээд амжилтад хүрдэг. Алдаа гаргах юм бол түүнээсээ шантрахгүйгээр сураад явах хэрэгтэй.

Том бүтэлгүйтэл

10 жилд байхдаа математикийн олимпиадад их ордог байсан. Улсын олимпиадаас алтан медаль авах юмсан гэж их хүсэж байсан. 11 – р ангид боломж байсан мөртлөө бодож чадах бодлогоо бодож чадаагүй. Тэрнээс болоод алтан медаль авч чадаагүй. Тэгэхэд их л бүтэлгүйтсэн юм шиг санагдаж байсан.

Нөгөө талаасаа MIT – д ороход их нөлөөлсөн. Учир нь тухайн үед өөр том зорилгогүй байсан. Одоо ингэж алтан медаль авч чадаагүй ч ирээдүйд өөр том зорилт тавихад хүргэсэн. Энэ нь цаашдын зорилтдоо хүрэхэд их чухал үүрэгтэй байсан.

zulsar5

MIT – д хэрхэн орсон бэ?

10 жилээ төгсөөд ийм боломж байдгийг анх мэдсэн. Тухайн үед англи хэл тийм сайн сураагүй байсан. МУИС – ын эдийн засагт бас нэг семестр сурчхаад байсан. Сурч байхдаа англи хэл суръя, шалгалтад бэлдье гэхээр боломжгүй байсан. Тэгээд орж чадна гэж сэтгэл шулуудаад ээж аавдаа хэлээд сургуулиасаа чөлөө авсан.

Тухайн үед англи хэл дээр ном их уншсан. Үлгэрийн ном, жоохон хүүхдийн номоос эхлүүлээд л уншсаар байсан. Бас ээж маань хүүхэд гаргачихсан дүүгээ харангаа, үг цээжлээд л гэртээ бэлддэг байсан. Amazon – оос SAT – ийн шалгалтын номуудаа захиалаад авсан. Анх 5 сард нэг шалгалт өгөөд англи хэл их муу байгаагаа мэдэж байсан. Математик дээрээ бол 800 оноогоо авчхаад, уншлага дээр нь хурд гүйцэхгүй буудаад гарч ирж байсан.

Тэрнээс хойш 10 сард дахиж шалгалт өгсөн. Тэр 6 сарын хугацаанд байнга ном уншиж байсан. Сүүлдээ ном унших дуртай болоод зузаан зузаан уран зохиолын ном уншсан. Мэдээж өдөр болгон бас шалгалтдаа бэлдэж байсан. Тэр хугацаанд 100 – гаад номын ард гарч, шалгалтын оноогоо бүүр 400 – гаар ахиулж байсан. 2400 онооноос 2210 авч байсан. Тухайн үед 300 – 400 оноогоор ахих нь маш ховор үзэгдэл гээд миний оноог гаргахгүй байж байгаад 1 сард нь миний оноог гаргаж байсан.

zulsar3

MIT – д сурсан хичээл.

Мэдээж улс орон болгоны шилдэг оюутнууд ирсэн байдаг. Анх очоод юу ч мэддэггүй, хүн талаасаа ч тэр, мэдлэг талаасаа ч тэр сурах зүйл их байна гэдгээ ухаарсан. Эрдэмтэн хүн даруу гэдгийг харсан. Анх ирэхдээ зөвхөн сайн сурах хэрэгтэй гэж бодож байсан. Намайг Зулсар гэхгүйгээр Монгол охин гэж хүлээж авч байсан болохоор надаа урам зориг их өгч байсан. Хагас сайн бүтэн сайнгүй байнга л хичээлээ хийдэг байсан.

Сүүлдээ найз нөхөд, хамт олон их хэрэгтэй гэдгийг ухаарсан. Гэр бүлдээ бас их анхаарал хандуулдаг байх хэрэгтэй гэж бодсон. Хичээлээ хийгээд гэр бүлийнхэнтэйгээ бас холбоотой байх нь чухал. Бусдыгаа хайрлаж хүндлэж сурах нь их чухал гэж ойлгосон.

Дэлхийн хэмжээний сургууль учраас нобелийн шагналтай, мундаг мундаг профессорууд байдаг. Тэдгээр хүмүүсээс хичээл авч үзэж байхад маш их мэдлэгтэй мөртлөө, энгийн даруухан байдгийг нь анзаарсан. Сурагчид алдаа оноог нь хэлэхэд хүртэл өө тийм байна уу гээд их л даруу ханддаг байсан.

Мөн хичээлийг зүгээр цээжлээд өнгөрөх биш учир, нарийн шалтгааныг нь олоод яагаад ийм байгааг нь тогтоож, нягталж сурах нь чухал. Дараа нь амьдрал дээр учрыг нь олсон зүйлсээ хэрэглээд, хэрэгжүүлээд явахад амар. Үгүй бол мэдлэгээ мартдаг.

zulsar1

Төгсөж байхад төрсөн мэдрэмж.

Төгсөж байх үедээ туслах багшийн ажил хийж байсан. Өмнө нь сурсан зүйлсээ бусдадаа заахад сайхан санагдаж байсан. Ийм сайхан мэдлэг олж аваад бусад хүмүүст тарааж байхад өндөр сэтгэгдэлтэй байсан.

Анх MIT – д орохдоо бүгдийг чадна гэж орж байсан. Тэгээд мундаг хүүхдүүдтэй сурч байгаад илүү амьдралын үнэ цэнд анхаардаг болсон. Хүн хүсээд хийвэл бүх зүйл боломжтойг бол ойлгосон. Ганцхан өөрийгөө бодох биш бусдыг бодох нь чухал гэдгийг ойлгосон.

Залуучууддаа хандаж юу гэж хэлэх вэ?

Хүн ер нь залуу насандаа өөрийгөө л хөгжүүлэх хэрэгтэй. Одоо л энэ насаа ашиглаж сурч, боловсруулахгүй бол хэцүү болох учраас залуудаа л мэдлэг боловсрол олж авах нь чухал.

Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна?

Ирээдүйд докторын зэрэг хамгаална гэж бодож байгаа. Одоохондоо сураад яг нарийн чиглэлээ бол олоогүй. Хэдэн жил ажиллаад ирвэл ямар нэг нээлт хийх юм уу эсвэл мэргэжилдээ бол улам сайн болно. Ямартай ч Монголынхоо нэрийг дэлхийн төвшинд гаргамаар байна.

Нөгөө талаасаа сайн дурын ажил хиймээр байгаа. Монголдоо томдоо орсон номын сайн байгуулъя гэж мөрөөддөг. Анх MIT – д орох эссэ дээрээ бас бичиж байсан. Олон хүүхдүүдэд тусаа хүргэх юмсан, зөв үлгэр дууриалал үзүүлэх юмсан гэж боддог. Америкд амьдралын түвшин өртөг, цалин мөнгө өндөр. Үүнийгээ Монголын түвшинтэй харьцуулахад аягүй харамсмаар байдаг.

Сүүлийн асуултыг үлдээв.

Хүн хийхийг хүссэн зүйлээ хийхэд хамгийн аз жаргалтай байдаг. Зөвхөн мөнгө төгрөг, хүнийг харж ажиллах биш өөрөө өөрийгөө таньж мэдэж, ухаараад дуртай зүйлээ л хийх хэрэгтэй. Манай аавын хэлснээр амралт гэдэг нь нэг ажлыг нөгөөгөөр солихыг хэлнэ гэдэг. Амраад байна гээд хоосон юм хийхгүй байж болохгүй, харин ном уншаад өөртөө л зарцуулах хэрэгтэй.

Мөн хүн байгаа юмандаа сэтгэл хангалуун байх ёстой. Байгаа зүйлс, байгаа байдлынхаа үнэ цэнд нь баярлаж талархаж сурах хэрэгтэй гэдгийг ухаарсан. Одоо байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байж улам мундаг явна. Хүн ер нь юу бодож байгаагаасаа хамаараад жаргаж эсвэл зовдог. Тиймээс зөв сайн зүйлс бодож явах хэрэгтэй. Байгаа юмандаа сэтгэл хангалуун, хайрлаж явах хэрэгтэй. Эд мөнгөний шунал гэдгээс холуур, үнэ цэнийн төлөө л явж байгаа. Олсон мөнгөө олон хүмүүст зарцуулъя гэж боддог.