4 минут уншина
2022-09-16
Э.Номингэрэл: Канадад ажиллаж, туршлага хуримтлуулах бол дараах зүйлсэд анхаараарай
#канад
#canada
Канад улсад ажиллаж, туршлага хуримтлуулах талаар EcoVadis компанийн шинжээч Э.Номингэрэлтэй ярилцлаа.                                            
Урилга хүлээн авсанд баярлалаа. Та Канад улсын аль сургуулийг, ямар мэргэжлээр төгссөн бэ?

Урьсанд баярлалаа. Би өнгөрсөн жил Канадын Торонто хот дахь “Schulich” бизнесийн сургуулийг Бизнесийн Менежментийн Магистр зэргээр төгссөн. Анх бакалавраа төгссөний дараахан ажлын байран дээр гараад өөрийгөө их голсон. Хүн дан ганц сурч эзэмшсэн мэргэжлээсээ гадна ямарваа нэгэн ажлыг зөв менежменттэй, цэгцтэй хийн тооцоо судалгаатай шийдвэр гаргаж сурах нь  амьдралд их хэрэгтэй гэж бодож, менежментээр магистраа хамгаалахаар шийдэж байсан.

Сургуулиа төгсөх үед ямар мэдрэмж төрж байсан бэ?

Сургуулиа төгсөнө гэдэг миний хувьд маш том даваа байсан. Англи хэлийг үнэтэй сургалт дамжаанд явалгүй, бор зүрхээрээ сурсан хүний хувьд төрөлх биш хэл дээрээ Магистрын түвшний академик боловсролыг үзнэ гэдэг эхэндээ их хүнд байсан. Багш нарынхаа яриаг гүйцэд сонсож чадахгүй, судалгааны ажлуудаа хугацаандаа хийж амжихгүй их л стресстэй ядарсан оюутан явдаг байсан. Тэр үеүдийг амжилттай даваад, олон ч зүйлийг сурч мэдээд сургуулиа төгсөөд дипломоо авах мэдрэмж маш гоё нэг тийм гүнзгий амьсгаа авч болох юм шиг мэдрэмж төрж байлаа. / инээв /

Төгссөний дараахан ажилд ороход хэр их хугацаа зарцуулсан бэ. Хэр олон компанид хүсэлт гаргаж, ярилцлагад орсон бол?

Миний хувьд “EcoVadis” гэх олон улсад тэргүүлэгч, бизнес, аж ахуйн нэгжүүдийн байгаль, орчны нөлөөллийг үнэлж, дүгнэлт гаргадаг компанид шинжээчээр ажиллаж байна. Анх их том амбицтай дэлхийн топ компаниудад удирдах албан тушаалд шууд орно гэсэн бодолтой арав гаруй компанид ярилцлагад орсон боловч сургуулиа ч төгсөөгүй, Канад улсад ажилласан туршлагагүй намайг авах газар цөөхөн байсан. Гэсэн ч бууж өгөхгүй том компаниуд руу менежерийн албан тушаалд биш юмаа гэхэд дадлагын ажилтнаар ороод ч хамаагүй орно гэж шийдээд ажилд бүртгүүлж эхлэхээр шийдсэн. Тэгж хамгийн анх оюутан байхдаа одоогийн компанидаа дадлагын ажилтнаар гараагаа эхэлсэн. Тэгээд төгссөний дараа компани маань надад шинжээчээр ажиллах санал тавьсан. Ер нь бол Канад улсад ажилд орно гэдэг маш урт шалгуур давах шаардлагатай, удаан процесстой байдаг. Жишээлбэл, би хэдий анх дадлагын оюутнаар ажилд орохоор бүртгүүлсэн ч дөрвөн удаагийн ажлын ярилцлагад орж хоёр ч том тест өгч байж тэнцсэн. Шинжээчээр ажиллахдаа ч мөн адил дахин ур чадвараа шалгуулах гэж дөрвөн цагийн тест өгч, хоёр шаттай ярилцлагад орж байлаа. Дийлэнх том компаниуд өөрсдийн гэсэн шалгалтын платформтой байдаг. Жишээлбэл, зарим нь IQ болон асуудал шийдвэрлэх чадварыг нь тоглоом тоглуулж шалгах жишээтэй. Ихэвчлэн тухайн хүн хэр хурдан сэтгэн бодох чадвартай, асуудал гарахад хэрхэн ямар байдлаар шийдэж чадах вэ, аливаа зүйлд хандаж байгаа хандлага нь ямар байна зэргийг түлхүү хардаг юм шиг санагдсан.

Image
EcoVadis компанийн онцлог юу вэ. Танай компанийн юу нь хамгийн их таалагддаг вэ?

Манай компанийн онцлог бол байгууллагын уламжлалт соёл юм. Компани маань өөрөө бусад байгууллага аж ахуйн нэгжийг хэр нийгэм болон байгаль орчинд ээлтэй ( Sustainable ) үйл ажиллагаа явуулж байна вэ гэдгийг шинжилж үнэлгээ дүгнэлт гаргадаг учраас өөрсдөө тэр чинээгээрээ үлгэр жишээ компани байх гэж хичээдэг тийм ч байж чаддаг гэж дотор нь байгаа хүний хувьд хэлнэ. Компанийнхаа таалагддаг зүйлсийг дурдвал маш олон зүйлс бий. Ажиллахад их тайван,чөлөөтэй, найрсаг хамт олонтой байна гэдэг хамгийн чухал зүйл. Түүнчлэн энэ компанид ажиллахад хамгийн их таалагддаг зүйл бол хаанаас ч ажиллах боломжтой уян хатан ажлын хуваарь. Жишээ нь хүсвэл гэрээсээ 100 хувь ажиллаж болж байна эсвэл бүр дэлхийн 20 гаруй улсад байгаа оффисоос сонгоод ажиллаж болно. Мөн ажилчдынхаа бие болоод сэтгэл санааны эрүүл мэндэд маш их анхаардаг. Иймд жил болгон ажилчдадаа эрүүл мэнддээ анхаараарай гэж цалингаас нь гадна мөнгө өгдөг байх жишээтэй. Дээрээс нь зуны дэлгэр цагийг гэр бүл дотнын хүмүүстэйгээ илүү их өнгөрөө гээд тав дахь өдөр болгон эрт тараах зэргээр дурдаад байвал маш их зүйлс бий.

Сургуулиа төгсөөд, тус улсад ажиллаж, туршлага хуримтлуулахыг сонирхож байгаа хүүхдүүдэд хандан юу гэж зөвлөх вэ. Юунд маш сайн анхаарах хэрэгтэй вэ?

Хамгийн эхлээд хичээлээ сайн хийгээд сайн дүнтэй төгсөөрэй. Дүн чухал биш гэж олон хүмүүс хэлдэг ч гэсэн гаднын оюутнуудаас эндхийн ажил олгогчдын хамгийн эхлээд хардаг зүйл бол голч дүн байдаг. Түүний дараагаар мэдээж CV болон ажлын ярилцлага хүлээж байх болно. CV-гээ маш цэгцтэй нэг хуудсанд багтааж сурах хэрэгтэй бас орон орны CV стандарт өөр учраас Канад улсын барьж явдаг форматыг дагахаас гадна хийж байсан ажлын үүрэг, юу хариуцаж хийдэг байсан ямар төслүүд дээр ажилладаг байсан гэдгээ дэлгэрэнгүй бичих хэрэгтэй. Ингээд CV маань тэнцээд ажлын ярилцлагад дуудагдах үед мөн анхаарах чухал зүйлс бий. Нэгдүгээрт, тухайн ярилцлагад орж байгаа компаниа сайн судалсан байх мөн горилж буй ажлын байрны чиг үүргээ судалж өөрт байгаа ажилласан туршлагаас аль нь энэ ажлын байранд илүү тохирч байна гэдгээ бэлдээд орох хэрэгтэй. Түүнчлэн ярилцлага болгоны төгсгөлд асуух асуулт байна уу гэж ажил олгогчийг асуухад байхгүй гэж хариулахын оронд хэд хэдэн асуулт бэлдээд очих хэрэгтэй. Жишээ нь та энэ ажлын байранд орж буй хүний ажлын үйл явцыг хэрхэн үнэлж дүгнэх вэ. Шинээр ажилд орох хүнээс юуг илүү их харж хүлээж байгаа вэ зэргээр асуух. Үүний хариуд чи хүлээлтэд нь хүрэхээр хүн мөн гэдгээ баталж хариулах хэрэгтэй.

Ажлын байранд гараад таны хамгийн сайн ойлгож байгаа зүйл юу вэ. Хэр их туршлага хуримтлуулж чадаж байна?

Миний мэдэхгүй маш олон мэргэжил байдаг, мөн олон төрлийн ур чадварыг ажлын байран дээр хөгжүүлж болдог гэдгийг энд ирээд ойлгож авч байна. Тэр хэрээр олон ч зүйлийг туршин, сурч өөрийгөө хөгжүүлж байгаадаа баяртай байна. Ажиллаж байх үедээ бас анзаарч ойлгож авсан зүйлийн нэг бол харилцааны соёл. Бичгийн ч тэр ярианы ч тэр хүнтэй харилцах соёл маш чухал. Наад зах нь өөрийнхөө хийсэн ажлыг хамгаалдаг, ажлын хамт олон дундаа биеэ зөв аваад явдаг, санал хүсэлтээ удирдлагадаа зөв зохистой илэрхийлдэг байх нь ажлын байран дээр их хэрэгтэй чанар.

Image
Тус улсад ажиллах нь ямар давуу талтай вэ?

Давуу тал гэвэл олон бий. Хамгийн чухал нь хаана ч үнэлэгдэх ажлын туршлага. Түүнчлэн ажлын байран дээрээс бусдаас суралцах хамгийн том боломж. Канад улс маш олон чадварлаг боловсон хүчин, ажиллах хүчнийг өндөр шаардлагын дагуу гаднын улсаас байнгын оршин суугч болгон татдагийг бүгд мэдэх байх. Тэдгээр хүмүүсээс суралцаж хөгжиж явна гэдэг бол энэ улсад ажиллахын хамгийн том давуу тал гэж бодож байна.

Таны цаашдын зорилго юу вэ?

Одоогийн сонгосон шинжээчийн мэргэжилдээ сэтгэл хангалуун байгаа. Цаашдаа илүү энэ талаараа мэргэшиж “Sustainable Construction, Sustainable Finance” тал руу мэргэшсэн шинжээч болох зорилготой байна.

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Үргэлжлэлийг аппаас уншина уу...
  • playStore
  • appstore