3 минут уншина
2022-09-19
Г.Цэцэн: Торонтогийн их сургуулиас дараах тэтгэлгүүдийг авах боломжтой
#Canada
#Торонто
Канадын Торонто их сургуулийн бакалаврын дөрөвдүгээр курсийн оюутан Г.Цэцэнтэй ярилцлаа. Тэрээр улс төр судлалаар суралцдаг бөгөөд Торонто их сургуулийн монгол оюутны холбооны тэргүүнээр ажилладаг байна.
Урилга хүлээн авсанд баярлалаа. Та яагаад Канадыг сонгож суралцахаар болсон бэ?

Урьсанд баярлалаа. Би 11-р ангиасаа гадаадад суралцах талаар идэвхтэй судалж, бэлдэж эхэлсэн. Ээж, аавын зүгээс ч мөн надад зохих зөвлөгөөг өгч байлаа. Анх бусад хүүхдийн л адил АНУ-руу явъя гэж бодож байсан. Гэвч арьс өнгөний үзэл, гэмт хэрэг зэрэг зүйлсээс шалтгаалан ойролцоох Канад улсыг сонирхон судлахад их тааламжтай санагдсан. Иймээс Канадын гурван сургууль руу хүсэлт явуулсан бөгөөд Торонтогоос тэнцсэн хариу хүлээн авч суралцахаар болсон доо.

Торонтогийн их сургуулийн талаар танилцуулна уу?

Манай сургууль нь 1827 онд байгуулагдсан бөгөөд гурван кампус, 44 номын сантай. Төгсөөд шууд ажилд орох амжилтын хувиар дэлхийд эхний аравт бичигддэг. Сургуулиас олгох боловсрол, нөлөөллийн хувьд мэдээж маш нэр хүндтэй. Спорт цогцолбор ихтэй тул хичээлийн хажуугаар өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгож өгдөг.

Сургуулийн зүгээс гадаад оюутанд зориулсан чиглүүлэх сургалт, үдэшлэг, арга хэмжээ зэрэг танилцуулах олон зүйлстэй. Манай монгол оюутны холбооны хувьд ч жил бүр шинээр орж ирж буй оюутнууддаа зориулсан танилцах өдөрлөгийг зохион байгуулдаг. Одоогоор албан бус тоогоор 60 гаруй монгол оюутан суралцаж байна.

Канадад суралцах боломжтой тэтгэлгээс танилцуулахгүй юу?

Канад Америкийг бодвол бакалаврын тэтгэлэг харьцангуй багатай. Ихэвчлэн сургуулийн тэтгэлэг олддог. Манай сургуулиас бакалаврын мэргэжлийн олон улсын оюутнуудад зориулж “

Lester B Pearson International Scholarship

”-ийг зарладаг. Энэ нь нэг улсын нэг сургуулиас нэг сурагчийг сонгон авч төлбөрийг нь бүрэн даах хөтөлбөр юм. Үүнд өрсөлдөхийн тулд та суралцан буй ахлах сургуулиасаа Торонтод өөрийгөө нэр дэвшүүлж өрсөлдөх боломжтой болно. Мөн элсэн орох үед тань сургуулийн зүгээс таны өргөдөл, дүн, нийгмийн идэвх, гаргасан амжилт зэргийг нь үндэслэж тэтгэлэг олгодог. Тухайн хүүхдээсээ хамаарч 50000-180000 канад долларын ч тэтгэлэг олгоно. Үүнээс гадна сургуульдаа элсэн орсны дараа том, жижиг тэтгэлгүүдэд оролцож, авах боломжтой юм шүү.

Торонтогийн тэтгэлгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг

энд

дарж авна уу.

Магистр, докторын тэтгэлгийн хувьд бакалаврыг бодвол олдоц сайтай байдаг. Тухайн суралцагчийн судалгаа, амжилтад тулгуурласан эсвэл байгуулллагын зэрэг боломж ихтэй. Ерөнхийдөө аль болох зөвхөн нэг тэтгэлэгт найдаж, анхаарал хандуулах биш олон төрлийн тэтгэлэг сонирхож бэлдэхийг зөвлөмөөр байна.

Image
Таны бодлоор тэтгэлэгт тэнцэхэд юу хамгийн чухал вэ?

Тэтгэлэгт олон зүйлийг чухалчлан авч үздэг. Үүнд сурлагын амжилт буюу голч дүн сайн дурын ажил зэрэг орно. Иймээс миний хувьд дүү нартаа хандан дүн дээрээ сайн анхаараарай гэж зөвлөмөөр байна.

Мөн гадаадад суралцахыг зорьж л байгаа бол шалгалтдаа аль болох эрт бэлдээрэй. Хэрэв та оноогоо 10-11-р ангидаа авчихвал цааш сургуулийн процесстоо бэлдэхэд тань  амар шүү. Элсэлтийн бэлтгэлээ хангаж байхдаа сэтгэл, биеийн эрүүл мэндээ анхаараарай.

Манай сургуулийн элсэлт 9-10 сард эхэлж 1-р сарын 15-нд дуусдаг. Хэрэв та бүхэн Торонто их сургуулийг сонирхож байвал надтай холбогдож зөвлөгөө авч болно шүү.

Таны хувьд тэтгэлгийн эссэгээ бичихдээ хэрхэн сайн анхаарах шаардлагатай гэж бодож байна?

Тухайн тэтгэлгийг авснаар танд ямар боломж олгох, яагаад энэ тэтгэлгийг танд өгөх ёстой гэдэг талаар сайн бичиж харуулах хэрэгтэй гэж бодож байна. Магадгүй өөрийн мэргэжлээ ашиглан салбартаа, улс орондоо ийм өөрчлөлт авч ирнэ гээд жишээ дурдаад баяжуулбал бүр сайн байх.

Канадад сурах ямар давуу талтай вэ?

Аюулгүй, амар тайван амьдрах орчинтой. Хүмүүс нь найрсаг. Төгссөний дараа танд ажлын виз шууд өгнө. Ажилд орчихвол сунгуулаад явах боломжтой байдаг. Гадаад оюутнууд сурахын хажуугаар долоо хоногт 20 цаг ажиллаж болно. Гадаад оюутнуудад зориулсан хөнгөлөлт ихтэй. Оюутны картаа ашиглаад хөнгөлөлтөө эдлээд явж болно.

Image
Канадад сурахын өмнө зайлшгүй мэдэх зүйл юу вэ?

Харилцааны соёлдоо анхаарах чухал. Гаднын оронд байгаа учир Монгол Улсаа төлөөлж л байна гэсэн үг. Иймээс харилцаандаа анхаарах хэрэгтэй. Мөн зарим оюутнууд эхний жилээ ирээд л шантарч буцах тохиолдол байдаг. Иймээс сэтгэл зүйн бэлтгэлтэй ирэхийг зөвлөж байна. Мэдэхгүй зүйл гарвал боломжит хүмүүсээсээ асуучихаж байгаарай. 

Мөн их сургууль гэдэг арван жилийн сургуулиас чинь шал өөр шүү. Багш, профессорууд хэзээ ч чиний хойноос хөөцөлдөхгүй. Чи л ганцаараа энэ өөрийгөө хариуцна. Чамаас л шалтгаална. Иймээс бүхий л зүйлд чин сэтгэлээсээ хариуцлагатай, цагийн менежменттэй байж хэвшээрэй.

Таны цаашдын зорилго юу вэ?

Миний цаашдын зорилго сургуулиа амжилттай төгсөж, ажиллаж, туршлага хуримтлуулан эх орондоо буцаж очиж өөрийн хувь нэмрээ оруулах юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Үргэлжлэлийг аппаас уншина уу...
  • playStore
  • appstore