2 минут уншина
2022-12-28
Л.Мягмаржав: Өөрийгөө, зорилгоо сайн тодорхойлсон цагт тэтгэлэг улам ойртох болно
АНУ-ын Фулбрайт тэтгэлгийн талаар Л.Мягмаржавтай ярилцлаа. Тэрээр уг тэтгэлгээр АНУ-ын Вермонтийн их сургуульд суралцсан билээ.
Урилга хүлээн авсанд баярлалаа. Өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн байна уу. Урьсанд баярлалаа. Намайг Л.Мягмаржав гэдэг. Би Оюу-Толгой компанид ажилладаг. Миний хувьд бакалаврын оюутан байхдаа АНУ-ын “Global Ugrad” тэтгэлэг үүний дараа Фулбрайт тэтгэлгээр амьтан судлалын чиглэлээр мөн тус улсад суралцсан.

Мэргэжил нь их сонирхолтой санагдлаа. Та яагаад энэ мэргэжлийг сонгож сурахаар болсон бэ?

Манай аав цагаан зээр судалдаг биологич хүн байсан. Багаасаа аавыгаа дагаж хээрийн судалгаанд гадаад, дотоодын олон мундыг судлаачдын хамтаар явдаг байсан. Иймээс багаасаа л энэ чиглэлд дур сонирхолтой болж өссөн дөө.

Тухайн үед аавыг дагаж явахад гадаадын эрдэмтдийн ашигладаг багаж хэрэгсэл ихээхэн сонирхол татдаг байлаа. Ингээд л магистраа гадаадад тэр тусмаа АНУ-д хамгаална даа гэж мөрөөдөж, зорих болсон.

Вермонтийн их сургуулийн талаар танилцуулахгүй юу?

Манай сургууль нь АНУ-ын Вермонт мужид байрладаг. Амьтан судлал, анагаах чиглэлээр улсдаа нэлээд дээгүүрт ордог сургууль. АНУ-д гадаад оюутныг дэмжих хөтөлбөр олон зарладагаараа онцлогтой.

Вермонт муж нь жилийн дөрвөн улиралтай яг л манай улстай адил. Мөн намайг хамгийн аюулгүй, тайван мужийн нэг учир суралцахад таатай байдаг.

Миний хувьд магистрын ажлаа хярс үнэгний тархалтыг тооцоолох компьюьер загварчлал сэдвээр хамгаалсан. Судалгаагаа Дорноговь аймгийн их нартын байгалийн нөөц газарт явуулсан.

Та Фулбрайт тэтгэлгийн талаар танилцуулахгүй юу? 

Тус тэтгэлэг нь АНУ-ын Засгийн газрын бүрэн санхүүжилттэй нэр хүндтэй тэтгэлэг юм. Жил бүр тогтсон тооны дагуу манай орноос оюутнууд шалгаруулж авдаг. Тэтгэлэгт тээврийн зардал, сургалтын төлбөр, амьдрах хоол унд байрлах зардал гээд олон зүйл багтдаг.

Ихэвчлэн хоёр сард материал хүлээн авах цонх нээгддэг.

Image
Таны зүгээс уг тэтгэлгийг сонирхож байгаа залууст юу гэж зөвлөх вэ?

Эсээндээ сайн анхаарахыг зөвлөж байна. Хүүхдүүд хэлий оноондоо ихээхэн санаа зовж явдаг. Гэтэл энэ бол зөвхөн эхний бөгөөд энгийн алхам харин гол зүйл нь эсээ байх юм.

Эсээгээ бичихдээ зорилготой бичих чухал. Жишээлбэл, ийм учраас би энэ сургуулийг, энэ хөтөлбөрийг сонгож байгаа. Тэнд очоод ийм ийм зүйлс сурах болно. Буцаад эх орондоо ирж салбартаа ийм нөлөөлөл үзүүлж чадна зэргээр өөрийн хүсэл эрмэлзэл бүхнээ тодорхой тусгаж бичих нь чухал.

Ялангуяа сэтгүүлч, бизнес, хуульч зэрэг түгээмэл мэргэжил сонгож байгаа бол бусдаас ялгарах онцлогоо сайн бичээрэй. Мэргэжил сонголт бас нөлөөтэй байдаг. Ихэвчлэн нарийн мэргэжлийн, нэн шаардлагатай мэргэжлээр суралцах гаэж буй хүүхдүүдийг тэнцэх магадлал ойрхон байдаг.

Ярилцлагадаа хэрхэн анхаарах хэрэгтэй бол?

Ярилцлагадаа бэлдэхдээ эсээгээ сайн цээжлэх хэрэгтэй. Ихэвчлэн эсээтэй нь холбоотой асуулт асуудаг. Нэг үгээр бичсэн зүйлийг чинь улам дэлгэрэнгүй болгож асуух болно. Үүнд бэлэн байх хэрэгтэй. Миний хувьд аавтайгаа хамт асуулт гарган бэлддэг байсан. Тэтгэлэгт түгээмэл асууддаг асуултууд байдаг. Жишээлбэл, ‘яагаад энэ мэргэжил, энэ сургуулийг сонгосон бэ, буцаад эх орондоо ирээд юу хийхэрэ төлөвлөж байна, 5-10 жилийн дараах ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байна’ зэрэг. Эдгээрт бэлдэж, эсээгээ сайн ярианы хэлбэрт тайлбарлаж ороорой.

Ярилцлага хэсэгт ойлгохгүй зүйл гарч ирвэл санаа зоволгүй лавлаж асуу. Ярилцлага болохоос шалгалт биш. Буруу хариулт гэж байхгүй. Ярицлагын төгсгөлд зайлшгүй тэтгэлэгтэй холбоотой эсвэл өөр холбоотой асуулт бэлдээд, асуучихаарай. Энэ нь тухайн тэтгэлгийг үнэхээр сонирхож байгааг чинь илтгэнэ.

Тэтгэлэг авахад гол хүчин зүйл юу вэ?

Зорилго чухал. Зорилгоо, зүг чигээ жигд тодорхойлсон цагт бусад нь болоод явчихна. Үнэхээр болохгүй бол хүмүүсээс тусламж аваарай. Мэргэжлийн зөвлөгөө өгдөг газар эсвэл туршлагатай хүнээс зөвлөгөө авах тустай.

Ярилцсанд баярлалаа.

 

 

Үргэлжлэлийг аппаас уншина уу...
  • playStore
  • appstore